Хүүхэд ердөө хөгжилтэй үлгэр, үйл явдал сонсоод л хүрдээ цээжлэх боломжтой

2021-12-16 14:50
Хүүхэд ердөө хөгжилтэй үлгэр, үйл явдал сонсоод л хүрдээ цээжлэх боломжтой

МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИЙН ЯАРМАГ САЛБАРЫН ФРАНЧАЙЗ ЭЗЭМШИГЧ, ЗАХИРАЛ Д.БАЯРАА

Энэ удаагийн ярилцлагаар бид хүүхдийн боловсролын салбарт контент хөгжүүлж түгээн дэлгэрүүлж буй Д.Баяраатай ярилцлаа. Монголын Оюун Ухааны Академи Франчайз бизнес загвар луу шилжсэнээр тэрээр Яармаг салбарыг үүсгэн байгуулж сургалтаа явуулж буй. Мөн тэрээр Монголын Оюун Ухааны Академид контент менежерээр ажиллаж байна.

ТА МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДСОН БЭ? ЯАЖ КАРЬЕРАА ЭХЛҮҮЛЖ БАЙВ?

Монголын Оюун Ухааны Академид анх бага насны хүүхдэд зориулсан Хуруундай хөтөлбөрийн багшаар ажилд орж байлаа. Хамгийн гэгээлэг ертөнц болох хүүхдүүдтэй ажилладаг, тэднийг хөгжүүлдэг ажилдаа дурлаж, эх орныхоо ирээдүйг улам сайхан болгохоор хичээн ажиллаж буй хамт олноороо бахархаж, суралцсаар л өдийг хүрч байна даа.

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН САЙХАН ЗҮЙЛС НЬ ЮУ БАЙДАГ ВЭ?

Ажлынхаа өдөр бүрийг үр бүтээлтэй байлгаж, гоё хэрэгтэй зүйлс хийхсэн гэж хичээдэг. Би одоо хүүхдүүдтэй ажиллахаа болиод, багш нартаа зөвлөн тусалж, оюуны хөгжлийн олон талт сургалтуудаа илүү чанартай, үр дүнтэй байлгах тал дээр багийнхантайгаа хамтран ажиллаж байгаа. Бид мөн бүх насны хүмүүсийн тархины хөгжлийг дэмжих, гэр бүлээрээ хөгжилтэй, чанартай цагийг хамтдаа өнгөрүүлэнгээ суралцаж болохоор ном, бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөлжүүлж, илүү хүртээмжтэй болгохоор судалгаа хөгжүүлэлтийн ажлуудаа хийж байна. Ажлын хамгийн сайхан зүйлс гэвэл бидний хийсэн бүтээсэн зүйлүүдээр хүүхдүүд, хүмүүс суралцаж, үр дүн гаргаж байгааг харах л маш сайхан байдаг.

КОНТЕНТ ДЭЭР НЭЛЭЭН СУУЖ АЖИЛЛАДАГ ЮМ ШИГ БАЙНА. ХҮҮХДЭД ӨГӨХ АГУУЛГА, СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР НЬ НАСАНД ХҮРЭГЧДЭЭС ЯЛГАА НЬ ЮУ БАЙДАГ ЮМ БОЛ?

Хүүхдүүдийн хувьд насны онцлогоосоо шалтгаалаад насанд хүрэгчдээс илүү сониуч, илүү идэвхтэй байдаг. Тархи нь томчуудаас илүү хурдан, уян хатан байгаа учраас шинэ зүйл сурахад бэрхшээл бага гардаг. Тийм үед нь хоёр тархины тэнцвэртэй хөгжлийг дэмжиж, суралцах арга барилд сургаж, анхаарлаа төвлөрүүлэн, бүтээлчээр сэтгэдэг болгох нь л бага насны хүүхдүүдэд гол чухал чадвар байдаг. Энэ нь цаашдаа насан туршид нь хэрэгтэй суурь чадварууд учраас бид тэдгээр чадваруудыг эзэмшүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, контентууд хийхийг зорьж ажилладаг.

ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН НИЙТЛЭГ САНААГАА ЧИЛЭЭДЭГ ТУЛГАМДСАН АСУУДАЛ ЮУ БАЙДАГ ВЭ?

Эцэг, эх байна гэдэг маш хариуцлагатай ажил. Бүх хүн үр хүүхдээ сайн яваасай, аз жаргалтай амьдраасай л гэж хүсдэг. Тэгэхээр санаа зовоодог асуудлууд төдий чинээгээрээ маш их бий. Үүнтэй хүн бүр санал нийлэх байх. Хүүхэд нь хэдэн настай вэ гэдгээсээ шалтгаалаад тухайн цаг хугацаа бүрд тулгамдсан асуудлууд гарч ирдэг. Жишээ нь цэцэрлэгийн насны хүүхдээ яаж анхаарлыг нь төвлөрүүлж сууж сургах вэ гэж хүмүүс их асуудаг, сургуулийн бага ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн хувьд хичээлд нь яаж дуртай болгох вэ, үсэг тоо, цаашлаад хүрд яаж цээжлүүлэх вэ гэж их асууж байх жишээтэй.

ХҮҮХДҮҮДЭД БОГИНО ХУГАЦААНД ҮР ДҮН ГАРГАХ ЯМАР ХӨТӨЛБӨРҮҮД БАЙДАГ ВЭ?

Богино хугацаанд үр дүн гаргана гэдэг нь ч бас ярилцах хэрэгтэй асуудал байдаг. Монгол эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хөгжүүлэх сургалтад өгөхдөө манай хүүхэд яг юу сурах вэ? Хэзээ үр дүн гарах вэ? гэж их асуудаг. Уг нь хүүхдийн хөгжил гэдэг зүйл тодорхой цаг хугацаа шаардаж тууштай байж үр дүн гардаг, дадал зуршил болдгоос гадна хүүхдийн гэр бүлээс хүүхдэдээ хандуулж буй анхаарал халамж, дэмжлэг ч мөн багшийн зааж байгаа хичээл сургалттай адилхан чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдийн хөгжил бол хүүхэд, эцэг эх, багш гурвын хамтын ажиллагаа байдаг гэсэн үг. Дан ганц хичээл сургууль, багшид найдаж хүүхдээ даатгаж болохгүй. Хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хандлага чухал нөлөөтэй. Монголын Оюун Ухааны Академиас хэрэгжүүлдэг оюуны хөгжлийн олон талт хөтөлбөрүүдийн хувьд яг богино хугацаандаа үр дүн гаргадаг, сурсан зүйл нь шууд харагддаг сургалтуудын нэг гэвэл хүрд цээжлүүлэх сургалтыг нэрлэж болно, хүрдийг нь ой тогтоолтын аргаар хөгжилтэй төсөөлөл яриад цээжлүүлдэг.

ХҮРД ЦЭЭЖЛЭХ НЬ ХҮҮХДҮҮД НЭЛЭЭН ИХ ЦАГАА ЗОРИУЛДАГ ХҮНДХЭН АСУУДАЛ БАЙДАГ. ЭНЭ ТАЛААР ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ ЮУ БАЙНА? ЯАЖ ҮР ДҮНТЭЙ ХҮҮХДЭД ХҮРД ЦЭЭЖЛҮҮЛЭХ ВЭ? ТОВЧХОН ЗӨВЛӨГӨӨ ӨГВӨЛ

Хүүхдүүдэд сурагч болоод тулгардаг асуудлуудын нэг бол яах аргагүй хүрд цээжлэх байдаг. Хүрд гэдэг чинь уг нь тоог хурдтай л нэмэх арга шүү дээ. Тоо гэдэг нь өөрөө хийсвэр зүйл учраас цээжлэхэд маш хэцүү байдаг. Томчуудад ч гэсэн утасны дугаар, дансны дугаар гэх мэт цээжлэх шаардлагатай тоон мэдээллийг цээжлэхэд төвөгтэй байдаг. Тэрэнтэй адилхан хүүхдэд долоог наймаар үржээд 56 гарахыг автоматаар цээжилнэ гэдэг нь хэцүү. Бид энэ асуудлыг шийдэхийн тулд тоог нь төсөөлж харж болох дүрстэй адилтгаж заагаад, хүүхэд ердөө хөгжилтэй үлгэр үйл явдал сонсоод л хүрдээ цээжлэх боломжтой болгосон гэсэн үг. Энэ нь тархины ажиллагаанд тохирсон дэвшилтэт арга учраас хүүхдэд огтхон ч хэцүү биш, харин ч аз жаргалтайгаар суралцдаг.

ЕБС-Д ОРДОГ ХӨТӨЛБӨРҮҮД ДЭЭР ӨӨРЧИЛЧИХМӨӨР САНАГДДАГ ЗҮЙЛС БАЙДАГ УУ?

Олон байдаг. Хүүхдүүдийн ойлгоход цээжлэхэд хэцүү сурахдаа дургүй болгодог зүйлсийг нь тархины бүтэц онцлогт нь тохирсон гоё арга аргачлалаар зааж бүх хүүхдүүдийг хичээлдээ дуртай, сурахдаа дуртай болгох юмсан гэж их хүсдэг.

ЦААШИД МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ ХӨТӨЛБӨРИЙН ХУВЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТҮҮДИЙГ ХИЙХ ВЭ?

Манай байгууллага 2010 оноос хойш Монгол хүний оюуны чадамжийг хөгжүүлэх замаар Монгол улсын хөгжил дэвшилд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд үнэлэгдэх оюуны спортын тамирчдыг бэлтгэнэ гэсэн эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж түүндээ ч тодорхой хэмжээнд хүрч яваа. Бид энэ эрхэм зорилгоосоо гажилгүй оюунлаг, хүнлэг иргэд бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаар судалгаа хөгжүүлэлтийн ажлаа тасралтгүй хийж, сургалт, бүтээгдэхүүнүүддээ шинэчлэлт, сайжруулалтыг тогтмол хийсээр байх болно.

БАЯРЛАЛАА, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ХЭРЭГТЭЙ ҮНЭ ЦЭНТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНД БАЯРЛАЛАА, ТАНЫ АЖИЛД УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл