Рубикийн шооны багш Э.Эрдэнэмандах: Шоогоо анх удаагаа эвлүүлсэн хүүхэд бүрийн нүүрэнд инээмсэглэл тодордог.

2021-08-24 17:57
Рубикийн шооны багш Э.Эрдэнэмандах: Шоогоо анх удаагаа эвлүүлсэн хүүхэд бүрийн нүүрэнд инээмсэглэл тодордог.

 

Монголын оюун ухааны академид 10 дахь жилдээ шооны багшаар ажиллаж байгаа Эрдэнэмандахтай шоо эвлүүлж сурахын ач холбогдлын талаар ярилцлаа. 

Сайн байна уу? Та юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу, Намайг Эрдэнэхүүгийн Эрдэнэмандах гэдэг. Монголын Оюун Ухааны Академийн Ой тогтоолт болон Рубик шооны багшаар ажилладаг. Одоогоор 10 дахь жилдээ багшилж байгаа. 

Та хэдэн жил багшилж байгаа вэ, мөн энэ хугацаанд хэдэн хүүхдийг энэ спортоор хичээллүүлж төгсөгсөн бол?

Энэ хугацаанд ойролцоогоор 5000-аад хүүхэд залууст рубик шоог зааж сургаад байна. Манай сургалтанд хамрагдсан бүх хүүхдүүд маань шоогоо бүрэн эвлүүлч чаддаг болоод төгсдөг байгаа. 

Байнга хүүхдүүдтэй ажиллахад, ер нь хичээл заахад хамгийн сайхан санагддаг зүйл юу байдаг вэ?

Шоо сурч буй хүүхдүүдэд эхлээд 3х3х3 шоог заадаг. Энэ шоог хүүхдүүдэд заахад хамгийн анх удаа шоо эвлүүлэхдээ хүүхэд бүрийн нүүрэнд инээмсэглэл тодордог. Тэр инээмсэглэлийг харах надад үнэхээр сайхан байдаг. Богино хугацаанд үр дүн гардаг тул хүүхдүүд өөрсөддөө илүү итгэлтэй болж, сурах хичээл зүтгэл нь нэмэгддэг. 

Таны төгсөгчдөөс гаргасан ямар амжилтууд байдаг вэ?

Манай сургалтанд хамрагдсан маш олон сайн тамирчид бий. Тэр болгоныг дурьдвал маш их цаг хэрэгтэй. Хамгийн сайн тамирчин маань Шинэхүүгийн Мөнхдэлгэр гээд хүүхэд байгаа. Монгол улсын аварга болж байсан. Мөн Монгол улсын рекордыг хэд хэдэн удаа тогтоож байсан. 

Энэ спортоор хүүхдүүд хичээллэвэл амьдрад нь ямар эерэг өөрчлөлтүүд гардаг вэ? Ач тусын талаар манай уншигчдад та хэлж өгөөч.

Рубикийн шоогоор хичээллэснээр маш олон чадваруудыг эзэмшиж болно. Жишээ нь: Баруун, зүүн тархийг зэрэг хөгжүүлснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар сайжирч хичээлдээ илүү төвлөрч суудаг болно. Шоо эвлүүлэхэд мэдрэмж, анхаарал төвлөрөлт их хэрэгтэй байдаг тул бага насны хүүхдүүдэд сууж сурхад нь их тустай байдаг. Гол нь нэг зүйлийг хийж чаддаг болоод түүнийгээ гэрийхэндээ болоод найз нөхдөдөө зааж, хүүхэд илүү өөртөө итгэлтэй болоход их тусалдаг. Мөн богино цаг хугацаанд шоогоо эвлүүлэх даалгавартай байдаг тул хүүхдүүд өрсөлдөөний дарамтыг даван туулж, хүнд үед тайван байдлаа хадгалах чадварт суралцдаг байгаа. Энэ мэтчилэн олон давуу талууд хүүхдэд бий болдог.  

Шооны сургалт нь насны хувьд хязгаар байдаг уу? Ямар насныхан хичээллэж болох вэ? 

Рубикийн шоог 3-аас дээш насны ямар ч хүн сурах боломжтой. Гэхдээ манай сургалтанд 6-аас дээш насны хүүхдүүдийг авдаг. Учир нь сургалтын маань хугацаа богино байдагтай холбоотой. Харин 6-аас доош насны хүүхдүүд маань манай харъяа цэцэрлэгт хамрагдан суралцах боложтой байгаа. Насанд хүрсэн хүмүүс ч гэсэн хичээллэж оюуны фитнесс хийж байвал тархинд маш сайн. 

 Хэдэн жил хичээллэж байж улсын тэмцээн уралдаанд оролцох чадвартай болдог вэ?

Шооны тэмцээнд шоогоо эвлүүлж чаддаг ямар ч хүн оролцох боломжтой. Мөн шоо сурч буй хүүхэд бүр харилцан адилгүй хугацаанд сурдаг. Зарим нь 1 өдрийн дотор сурдаг байхад нөгөө хэсэг нь 7 хоног, 10 хоног гэх мэт хугацаанд сурах нь бий. Гэхдээ энэ бол тийм ч чухал биш. Миний хувьд хамгийн багадаа 17 минутанд, хамгийн удаандаа 1 сарын хугацаанд шоо зааж сургаж байсан. Харин шоогоо эвлүүлж сурсан хүүхэд маань өөрөө хэр бие даан сайн давтаж, хичээж, хэр уйгагүй хөдөлмөрлөнө төдий чинээ л тэмцээн уралдаанд амжилт үзүүлэх боломжтой болно доо. 

Сургалтад суухгүйгээр бие даан сурахад анхаарах зүйл юу вэ?

Сургалтад суухгүйгээр бие даан сурч буй хүүхдүүд маань зөв аргачлалыг нь, зөв сурах хэрэгтэй. Учир нь шоог эвлүүлэх маш олон төрлийн арга аргачлалууд байдаг. Эдгээрээс буруу аргачлалыг сурвал цаашдаа илүү хөгжихөд сөргөөр нөлөөлөх мөн бусад төрлийн шоог эвлүүлэхэд хүндрэлтэй болдог. Хэрвээ зөв арга аргачлалыг нь зөв сураад явбал шоо сурах тийм хэцүү биш бөгөөд бусад хэлбэр дүрстэй шоог эвлүүлэхэд хялбар болж эхэлнэ. Бие даан сурахад манай төвөөс туслах гарын авлага ном гарсан байгаа. ХҮҮХДҮҮД ЭЭ, ШООГОО ЭВЛҮҮЛЖ СУРЦГААЯ! гэсэн нэртэй. Энэ номыг аваад манай эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт суралцах боломжтой.

Бие даан суралцахад гадуур янз бүрийн шоо элбэг болсон байна ер нь шоо авахдаа юуг чухалчилж авах хэрэгтэй вэ? 

Шоо бол яг гар утасны загварууд шиг маш олон төрөл байдаг. Шооны төрлүүдийг ерөнхийд нь 3 ангилна. Энгийн шоо, Хурдны шоо, Бусад төрлийн шоонууд гэж ангилна. Тиймээс шоо авах гэж буй хүүхэд залуус маань өөрт тохирох шоог сонгохын тулд дараах хэдэн алхамыг дагавал зүгээр. 

  • Ямар зорилгоор ашиглахаа тодорхойлох (анхлан сурч байгаа бол энгийн шоо, тамирчин болохыг хүсч байгаа бол хурдны сайн шоо авах).
  • Стикэрлэс буюу хуулгагүй шоо нь илүү эдэлгээ сайн (хуулгатай шооны хувьд хуулга нь амархан элэгддэг тул хурдан өнгө нь муухай болдог бусдаар бол адилхан мөн анхлан сурч буй зарим хүүхдүүд маань хуулгийг нь хуулж буруу зөрүү наах тохиолдол гардаг).
  • Эргэлтийг нь шалгаж үзэх (шооны эргэлт бол хамгийн чухал зүйлсийн нэг бөгөөд хэр хурдан гацахгүй эргэж байгааг сайтар шалгах хэрэгтэй).
  • Үнэ (Шооны үнийн хувьд янз бүр байдаг. Үнэтэй байх тусмаа сайн гэсэн үг бол биш, хамгийн гол нь шоо авах гэж байгаа хүүхэд маань өөрөө шоогоо эргүүлж үзээд өөрт тохирох шоог сонгох хэрэгтэй).

Каринтин дуусаад танхимаар удахгүй хичээл орох гэж байгаа. МОУА-н сургалтууд цаашид хэрхэн явагдах вэ?

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд онлайн сургалтуудаар маш олон сурагчид хамрагдаж рубик шоогоо амжилттай сурсан. Цаашид ч мөн онлайн сургалт маань үргэлжилнэ. 9 сараас танхимын сургалт маань ч эхэлнэ. Аль аль сургалт маань хичээллэх болхоор хүүхдүүд сонгоод суралцах боломжтой. 

Академийн багшийн хувьд та энд хичээл зааснаар таны амьдралд гарсан өөрчлөлтүүд давуу талууд юу байсан бэ? 

Энэ бол миний мөрөөдөл байсан. Би мөрөөдөлдөө хүрч чадсан азтай хүмүүсийн нэг гэж өөрийгөө боддог. Багаасаа шоо сонирхож эвлүүлж сурч тэмцээн уралдаанд оролцохыг их хүсэж мөрөөддөг байлаа. 2010 онд Монголын Оюун Ухааны Академийн Ой тогтоолтын сургалтанд хамрагдсан. Энэ үед өөрийнхөө бага байх үеийнхээ мөрөөдлийг эргүүлэн олж авсандаа. Тэгээд шоог бие даан судалж Монгол улсын анхны шооны багш болж чадсандаа баяртай байдаг. 

Манай уншигчдад шооны талаар их сонирхолтой, эцэг эхчүүдэд хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье. 

Баярлалаа. Хүүхдүүдээ удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл