Бэкгамон гэж юу вэ?
Бидний хувьд маш сайн мэддэг гэж боддог ч, үнэндээ бол сайн мэддэггүй оюуны спортын нэгэн төрөл билээ. Манай улсад, магадгүй бидний онцлогоос болоод ч юм уу, тодорхой наснаас дээш хүмүүс олон жил тоглосон, маш сайн мэддэг гэж боддог ийм л тоглоом юм. Яагаад бид ингэж боддог вэ? Яагаад гэвэл бэкгамон тоглохдоо бид ихэнхдээ л бодолгүйгээр хурдтай, ахмад үеийнхнээсээ сурсан арга барилаар тоглодог. Орчин үед компьютерын програмын ачаар бид өөр, илүү зөв нүүдэл хийх боломжтой болсон. Нэг байрлалд 1000-6000 удаа дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шоог хаяж, магадлалын дагуу дараагийн нүүдлээ хийдэг болсон.
Бэкгамонд математик, стратеги, тактик, төвлөрөл ихээр шаардагддаг. Шоог хаясны дараа нүүх нэгээс олон сонголт байдаг. Бид ихэнхдээ өмнө нь тоглож, цээжилсэн нүүдлээрээ тоглодог. Гэхдээ бусад нүүх сонголтуудаа ч тодорхойлж, бодож үзэх шаардлагатай байдаг. Тэр тусмаа, хамгаалах уу, дайрах уу гэдгээ ч шийдэх хэрэгтэй. (Дайрахад шаардлагатай хүчин зүйлс бий юу?) Тоглоомд бид хожиж байна уу? Хожигдож явна уу? Номын дараагийн хэсгүүдэд бид энэ тухай илүү дэлгэрэнгүй судлах болно.
Тоглогчид тэнцэж тоглоом дуусдаггүй. Тоглоом дуусан дуустал сэтгэл хөдлөл өндөр байдаг. Яг хожих, эсвэл хожигдох мөчид нэг л даам идсэнээр тоглоомын хувь заяаг өөрчилж болно. Таван онооны тоглоомд 4-0 хожиж байлаа гээд тэр тоглоомд 100 хувь хожно эсвэл хожигдоно гэсэн баталгаа байхгүй. Хамгийн сүүлийн шоо хаях хүртэл сэтгэл догдолсон мөчүүд үргэлжилдэг. Тэгэхээр хамгийн сүүлийн шоог хаях хүртэл тоглох ёстой. Хожигдож явсан тоглоомдоо хожих, эсвэл хожлоо гэж бодтол шоо хаяхдаа азгүйтэн хожигдох ч магадлалтай юм.
“Түүхээс авах сургамж” бүлгийг уншсаны дараа эндээс үргэлжлүүлэн уншаарай. Бидний хувьд хамгийн чухал гэж боддог нүд (6-р нүд) үнэндээ эрэмбэлбэл гуравт орох нь математикийн тооцооллоор батлагдсан. Бид мэддэг бүх зүйлээ орхиод, илүү шинжлэх ухаанчаар тогловол бэкгамоныг өндөр түвшний оюуны спорт болохыг ойлгох болно.
Та энэхүү номноос Бэкгамоныг хэрхэн тоглох талаар суралцах болно.